Эрүүл мэндийн даатгалаар ямар үйлчилгээ авах боломжтой вэ?
А.ҮЛЭМЖ, IKON.MN
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тогтмол төлдөг. Хуульд заавал даатгуулах ёстой гэж заасан байдаг болохоор төлөхөөс өөр аргагүй. Гэвч даатгал гэдэг нь татвар биш гэдгийг санах ёстой. Тиймээс бид эрүүл мэндийн даатгалыг хэзээ, хэрхэн ашиглаж, ямар үйлчилгээ авах боломжтой талаар мэдээллийг бэлтгэлээ.
Эрүүл мэндийн даатгалд Монгол Улсын иргэн бүр заавал, харин Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүн сайн дураараа даатгуулах юм байна.
"ӨВДӨГНИЙ ҮЕ СОЛИУЛАХ МЭС ЗАСАЛ НЬ 7 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ 5 САЯЫГ НЬ ЭМД-ЫН САНГААС ТӨЛДӨГ"
Эрүүл мэндийн даатгалаар ямар үйлчилгээ авч болох, мөн сүүлийн үед шинээр эрүүл мэндийн даатгалын ямар тусламж, үйлчилгээ нэвтэрсэн талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын ЭМД-ын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн С.Сарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
- Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль хэзээ батлагдсан, ямар өөрчлөлтүүд орсон бэ?
- Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар заавал даатгуулах ёстой. Энэ нь юу гэсэн үг гэхээр та эрүүл мэндийн даатгалыг сайн дураараа төлнө гэсэн ойлголт байхгүй, бүгд заавал даатгуулна .
Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль нь 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр батлагдсан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаад их өөрчлөгдсөн байгаа. Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн гэж хэлж болно. Нэмэгдсэнээрээ эрүүл мэндээс үүссэн ямар нэгэн санхүүгийн эрсдэл гарахад эргээд илүү чанартай, боломжийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэсэн үг.
- Эрүүл мэндийн даатгалаар ямар үйлчилгээ авах боломжтой вэ?
- Нийтдээ 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг. Хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт байдаг.
- Сүүлийн үед шинээр эрүүл мэндийн даатгалд ямар тусламж үйлчилгээ нэвтэрсэн бэ?
- Сүүлийн үед нэмэгдсэн тэр бүр хүмүүсийн мэддэггүй нь өндөр өртөгт тусламж үйлчилгээ юм. Монголчууд дотооддоо эмчилдэггүй, хийгддэггүй мэс засал байдаг гэж үзэн гадаад руу маш их явдаг байсан. Гэтэл одоо Монгол эмч нар дотооддоо хийж, тухайн өндөр өртөгтэй мэс заслыг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж байгаа. Үүнд 900,000 - 28 сая хүртэлх төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байгаа гэсэн үг.
Тухайлбал, өвдөгний үе солиулах мэс засал нь 7 сая төгрөгийн үнэтэй байлаа гэхэд үүний 5 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж тухайн даатгуулагч нь өөрөө 2 сая төгрөгийг төлнө гэсэн үг юм. Ингэснээрээ, гадаад руу урсдаг маш их хэмжээний санхүүгийн урсгалыг зогсоож байгаа гэсэн үг юм. Дунджаар 75 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа.
Нэмэлтээр, Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсноор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор, манай эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлж байна.
Мөн элэгний В,С вирусийн тоолох шинжилгээ нь Улсын эмнэлгүүд дээр хийгдэж, үүнийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж байгаа. Үүнээс гадна, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн лабораториудыг элэгний С вирус тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр ажиллаж байна. Одоогоор лабораториудын сонгон шалгаруулалт явагдаж, бэлтгэл ажил хангагдаж байгаа.
- Даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хэдэн төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй вэ?
- Тухайн даатгуулагч даатгалын шимтгэлээ төлсөнөөр жилд 2 сая төгрөг хүртэлх даатгалын тусламж, үйлчилгээг авах боломжтой. 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээнээс гадна, нэмээд өндөр өртөгт мэс заслын тусламж үйлчилгээ, хорт хавдрын хими туяан эмчилгээг авч болно.
- Эрүүл мэндийн даатгал төлсөн боловч тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд яах вэ?
- Манай нийгмийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь эв санааны нэгдлийн зарчим дээр тулгуурладаг. Энэ нь юу гэхээр эрүүл нь өвчтэйгөө, залуу нь ахмадыгаа, орлоготой нь орлогогүйгээ гэсэн зарчим юм. Жишээлбэл, тухайн хүн өвдөхгүй 2 сая төгрөгний тусламж үйлчилгээ аваагүй байх тохиолдолд энэ нь эргээд гэр бүлийнхаа гишүүдэд тусалж байна гэсэн үг.
- Хөнгөлөлттэй эмийн жагсаалт сүүлд хэзээ шинэчлэгдсэн бэ? Хэдэн эмийн жагсаалт байна вэ?
- Хамгийн сүүлд 2015 оны гуравдугаар сарын 25-нд шинэчлэгдсэн. Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол та аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын зөвшөөрөлтэй даатгалын гэрээ бүхий эмийн сангуудаас өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ
Төрөөс зарим иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дор дурдсан хувь хэмжээгээр хариуцаж төлдөг байна.
Даатгуулагчийн төрөл
Шимтгэлийн хувь хэмжээ
Шимтгэлийг хариуцан төлөх эзэн
Аж ахуйн нэгж байгууллагын ажилтан
Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувиар, үүнээс:
Ажил олгогч – 2 хувь
Даатгуулагч – 2 хувь
Аж ахуйн нэгж байгуллага, ажилтан
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн, бусад иргэн
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь
Даатгуулагч өөрөө хариуцан төлнө
Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагч
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь
Тэтгэвэрээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн
Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх/эцэг
Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь
Төр (Улсын төсвөөс)
Хорих байгууллага
Ял эдэлж байгаа ялтан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь
Төр (Улсын төсвөөс)
0-18 насны хүүхэд
Иргэний төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар жил бүр шинэчлэн баталдаг байна.
ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр та дараах тусламж үйлчилгээнүүдийг авч болох аж. Тэдгээрийн хөнгөлөх зардлыг даатгуулагч ТАНЫ өмнөөс ЭМД-ын газар хариуцан төлөх юм. Ингээд та бүхэндээ ямар үйлчилгээг хэдэн төгрөгийн хөнгөлөлттэй авч болохыг танилцуулж байна.
Эмийн үнийн хөнгөлөлт
Даатгуулагч эрх бүхий эмчийн бичсэн жороор эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 20 бүлгийн 183 ерөнхий нэршлийн 817 худалдааны нэрийн эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй.
Амбулатори
Даатгуулагч амбулаторийн тусламж, үйлчилгээг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн эмнэлгүүдээс авна.
Төрийн өмчийн эмнэлэгт амбулаториор нэг удаа үзүүлэхэд 15,000-16,200 төгрөг
Оношилгоо, шинжилгээ
Төрийн өмчийн эмнэлэгт сард 55,000 төгрөг
Шаардлагатай тохиолдолд улиралд нэг удаа 165,000 төгрөг (165,000 төгрөгөөс давсан үед зөрүүг нь та өөрөө төлнө)
Өдрийн эмчилгээ, үйлчилгээ
Төрийн өмчинй эмнэлэгт 65,475-313,619 төгрөг (нэг удаагийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд)
Сэргээн засах эмчилгээ, тусламж үйлчилгээ
Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн рашаан сувилалд
Рашаан сувиллын үйлчилгээ 110,000 төгрөг
Клиник сувиллын үйлчилгээ 116,281 төгрөг
Удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээ 140,903 төгрөг
Хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ
Төрийн өмчийн эмнэлэгт 145,500-804,090 төгрөг
Хувийн хэвшлийн эмнэлэгт 84,875-406,543 төгрөг
ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагч нь хэвтэн эмчлүүлсэн нийт зардлын:
10 хувийг аймаг (дүүрэг)-ийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төвд
15 хувийг төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв эмнэлэгт өөрөө хариуцан төлнө
Төрөөс ЭМД-ын шимтгэлийг нь төлдөг даатгуулагчийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцах юм байна.
Уламжлалт тусламж үйлчилгээ
Төрийн өмчин болон хувийн хэвшлийн эмнэлэгт 117,000 төгрөг
Хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээ
Төрийн өмчийн эмнэлэгт 300,000 төгрөг
Хувийн хэвшлийн эмнэлэгт 175,000 төгрөг
Туяаны өдрийн эмчилгээнд /өдрөөр/ 66,000 төгрөг
Химийн өдрийн эмчилгээнд /тохиолдол бүрт/ 450,000 төгрөг
Жирэмсний эмчилгээ
Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жирэмсний 37 долоо хоног хүртэл, төрсний дараах 6 долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэгэн адил оношоос хамаарч 145,500 – 804,090 төгрөгийн зардлыг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэнийн даатгалын сан хариуцан эмнэлэгт төлдөг байна.