З.Лхагвасүрэн: Судсан дотуурхи хаалттай хагалгааг Монголд дөрөв дэх удаагаа амжилттай хийлээ
-ӨВЧТӨНД ТОХИРОХ ХИЙМЭЛ СУДСЫГ ГАДААДААС ТУСГАЙЛАН ЗАХИАЛЖ АВЧИРДАГ-
Манай улс 1980 оноос хойш гол судасны эмгэгийн оношлогоог хийж ирсэн бөгөөд 2008 оныг хүртэл гол судасны эмгэгийг нээлттэй мэс заслын аргаар эмчилж иржээ. Энэ сарын 6-ны өдөр Гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг, гадны эмч нартай хамтран 73 настай өвчтөнд гол судас орлуулах мэс ажилбарыг судсан дотуур буюу хаалттай аргаар амжилттай хийжээ. Бид Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн Ангиография оношлогоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор профессор З.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Энэ удаагийн хагалгааг амжилттай болсонд баяр хүргэе. Гол судасны хаалттай хагалгаа манай улсад хэд дэх удаагаа хийгдэж байна вэ?
-Гол судасны өвчин гэдэг нь маш олон янз. Тэр дундаа зүрхийг тэжээдэг, хүний биеийг нийтэд нь тэжээлээр хангадаг судас бол хүний гол судас юм. Өмнө нь нээлттэй хагалгаагаар хийдэг байсан. Гол судас цүлхийх, мурийх, хазайх зэрэг эмгэгт дандаа нээлттэй хагалгаагаар эмчилгээ хийгддэг байсан. Харин одоо бидний хийж байгаа хагалгаа бол судсан дотуур хаалттай мэс заслын аргаар буюу өвчтөнийг нээж, хагалж, оёхгүйгээр шууд судсан дотуур хийгддэгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл дурангийн хагалгаатай ижил төстэй. Энэ хагалгаа Монгол улсад дөрөв дэх удаагаа хийгдэж байгаа. Хамгийн анх 2008 онд Америкийн эмч нартай хамтарч цээжний гол судасны мэс засал хийсэн. 2009 онд хэвлийн гол судасны цүлхэн дээр хагалгаа хийсэн юм. Энэ удаагийн хагалгаа мөн хэвлийн гол судасны цүлхэн эмчлэх хагалгаа байлаа.
-Энэ эмгэг хэрхэн, юунаас болж үүсдэг вэ? Хагалгаанаас өөр эмчилгээ хийх боломжгүй юу?
-Судасны эмгэгийг төрөлхийн болон олдмол гэж ангилна. Даралт ихэсдэг, хөдөлгөөн хийдэггүй, холестерины хэрэглээ ихтэй гэх мэт олон шалтгаанаас үүдэн судас хатуурдаг. Судас хатуурлын улмаас гол судсанд эмгэг өөрчлөлт ордог. Гол судасны аль нэг хэсэгт коллаген гэх холбогч эдэнд өөрчлөлт орсны улмаас артерийн судасны голч нь хэвийн хэмжээнээс 50 хувиар өргөсөхийг судасны цүлхэн гэж байгаа юм. Энэ цүлхэн нь цээж болон хэвлийн хэсэгт үүсч болно. 2000 оны үед АНУ-д нэг жилд 15 мянган хүн өвчилж, 4600 орчим хүн энэ өвчнөөр нас бардаг байсан бол судсан дотуурхи мэс заслын арга нэвтэрснээс хойш энэ тоо эрс багассан. Дээр хэлсэнчлэн судасны эмгэг өвчлөл хүндэрсэн тохиолдолд мэс заслын эмчилгээ хийгддэг. Өмнө нь нээлттэй хагалгаа хийж байсан бол одоо шинэ технологи нэвтэрч, манай эмч нар энэ хагалгааг нутагшуулахаар ажиллаж байна.
-Хагалгаанд орсон өвчтөний биеийн байдал ямархуу байна вэ?
-Өвчтөний биеийн байдал маш сайн байна. Энэ өвчтөнд маань хэвлийн гол судасны хэсэг бөөрны артерийн төвшингөөс дээшээ цүлхийлт үүссэн. Цүлхэн нь дээш, доош олон хэсэгтэй, ташааны хоёр артерийг хамарсан ийм эмгэг үүссэн байсан. Тэгэхээр хөл рүү явдаг тэжээлийн судсыг хүртэл хамарсан. Энэхүү гол судас хагарсан тохиолдолд маш хурдан хугацаанд амь насаа алдах хүртэл эрсдэлтэй байсан учраас заавал хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай байсан. Өмнө нь энэ төрлийн хагалгаанд орж байсан өвчтөнүүдээс хамгийн өндөр настай нь байлаа.
-Энэхүү хагалгаа нь өвчтөний амь насанд эрсдэлтэй байсан уу? Нээлттэй хагалгаанаас юугаараа давуу талтай вэ?
-Өвчтөн 73 настай эмэгтэй байгаа. Өвчтөн өндөр настай байх тусам тэр чинээгээр эрсдэл ихтэй байдаг. Судсан дотуурхи хагалгаа нь нээлттэй хагалгаанаас олон давуу онцлог талтай. Өвчтөнийг нээж хагалж огтлохгүй. Нээлттэй хагалгаагаар өвчтөний хэвлийг нээж, дараа нь гол судсыг өөр судсаар орлуулж залгаж хийдэг. Харин судсан дотуурхи хагалгаанд тийм зүйл байхгүй. Судас орлуулахгүй судсан дотроос нь стент тавьж, цусны урсгалд саадгүй болгож байгаагаараа онцлог. Ингэснээр өвчтөнд зүслэг хийхгүй, цус алдах аюулгүй, цус хэрэглэхгүй, наркоз өгөхгүй, олон хоног хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй. Нээлттэй хагалгааг бодвол эдгэрэх явц, үр дүн сайтай байдаг.
-ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГТ 10 ГАРУЙ ТӨРЛИЙН ӨНДӨР ӨРТӨГТЭЙ
ХАГАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА-
-Манай уншигчдад хагалгаанд оролцсон эмч нарын багаа танилцуулахгүй юу. Хагалгаа нийтдээ хэдэн цаг үргэлжилсэн бэ?
-Энэ удаагийн хагалгаа нийтдээ хоёр цаг гучин минут үргэлжилсэн. Энэ хагалгааны багт манай эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн Мөнгөн-Өлзий эмч, мөн манай наркоз унтуулгын эмч, судасны эмч гэх мэт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Мөн судсан дотуурхи хагалгааг манай эмч нар дандаа гадаадын эмч нартай хамтарч хийж ирсэн. Энэ удаагийн хагалгаанд БНХАУ-аас хоёр эмч ирж, мэс заслын багт хамтарч ажиллалаа.
-Цаашид монгол эмч нар маань хагалгааг бие даан хийх боломжтой юу?
-Манай монгол эмч нар өөрсдөө бие дааж хийх зорилго тавиад, туршлага хуримтлуулж байгаа. Хэрэгтэй багаж хэрэгслийг оруулж ирдэг компаниуд байна, эмч нар маань гадаад эмч нараас суралцаж хамтран хийж байна. Судсан дотуурхи хагалгааг анх 1994 онд АНУ-ын Дак гэдэг эмч эмнэл зүйн салбарт нэвтрүүлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл энэ хагалгааг эх орондоо хийж буй 10 орчим улс орон бий. Тэгэхээр манай эмч нар хагалгааг эх орондоо хийгээд эхэлснийг хөгжлөөс хоцроогүй явж байна гэж ойлгож болно.
-Хагалгаа ямар өртгөөр хийгддэг вэ? Өндөр өртөгтэй хагалгааны төлбөрийн 75 хувийг төрөөс даахаар болсон. Энэ хагалгаа хөнгөлөлтөд орж байгаа юу?
-Энэ хагалгаа өндөр өртөгтэй хагалгаанд ордог. Учир нь хагалгаанд ашиглаж байгаа бүх зүйлийг гадаад орноос өвчтөнд зориулж захиалж авч ирдэг. Нийтдээ 70-80 сая төгрөгийн өртөгтэй хагалгаа юм. Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар өндөр өртөгтэй хагалгааны төлбөрийн 75 хүртэлх хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас даахаар болсон. Манай эмнэлгийн хувьд иргэдэд үзүүлдэг үйл ажиллагааны хүрээнд зүрхний төрөлхийн болон олдмол гажгийн мэс засал, коронарная ангиография, пейсмейкэр суулгах, зүрхэнд аблаци хийх, зүрхний дутагдал, судасны эмгэгийн үеийн мэс засал, тархины судсан дотуур хийгдэх мэс засал, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, ерөнхий мэс засал, хиймэл болор суулгах мэс засал зэргийг өндөр өртөгт хагалгааны жагсаалтад оруулсан байдаг.
-Энэхүү хагалгааг хийхэд нарийн мэргэжлийн багаж хэрэгcэл шаардагддаг гэлээ. Гадны улс орноос багаж хэрэгслээ хэрхэн авчирдаг вэ?
-Өндөр өртөгтэй мэс заслын үед хэрэглэгдэх багаж, хэрэгслийг нийлүүлэх аж ахуйн нэгжийг тендер зарлан шалгаруулдаг. Тендер авсан компаниуд хагалгаанд шаардлагатай багаж хэрэгслийг цаг тухайд нь найдвартай нийлүүлдэг. Судсан дотуурхи мэс заслын хувьд хагалгаанд хэрэглэгдэх хиймэл судас, судас тэлэгч гэх мэт хэрэгслүүд нь өвчтөн болгонд өөр өөр размераар таардаг. Тийм учраас өвчтөний судасны хэмжээг нарийн тодорхойлж, хэмжиж, тогтоож байж эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгч компаниар дамжуулан захиалж авчруулсан. Мөн хагалгаанд хамтран оролцох гадны эмч нарыг тухайн компани урьж авч ирсэн байгаа.
-Манай улсад зүрхний эмгэг өвчлөл хэр их байна вэ?
-Энэ салбарт хийсэн доктор Д.Цэгээнжав эмчийн хийсэн судалгаа бий. Энэ судалгаагаар харахад гол судасны эмгэг өөрчлөлт Монгол улсад 13.9 хувь тохиолддог. Үүн дотроо цээжний гол судасны өөрчлөлт нь 51 хувь, хэвлийн хөндийн гол судасных 23 орчим хувь тохиолддог. Өнгөрсөн онуудад манай улс энэ төрлийн хагалгааг тийм ч олон удаа хийж байгаагүй.
-ОРЧИН ҮЕД СУДАСНЫ ЭМГЭГИЙГ ОНОШЛОХ НЬ МАШ ХЯЛБАР БОЛСОН-
-Гол судасны эмгэгийн хагалгаа хийлгэхээр төлөвлөгөөнд орсон өвчтөн олон бий юү? Гуравдугаар эмнэлэг энэ хагалгааг жилдээ хэдэн өвчтөнд хийх боломжтой вэ?
-Яг одоо энэ хагалгаанд орохоор төлөвлөгдсөн өвчтөн байхгүй байна. Манай эмнэлэг хамгийн багадаа энэ төрлийн хагалгааг 4-5 өвчтөнд хийх боломжтой. Оношлогоо маш чухал байдаг.
-Судасны эмгэг өөрчлөлтийн үед өвчтөнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Оношлогоог хаана хэрхэн, хийлгэх вэ?
-Орчин үед техник технологи хөгжөөд өвчний оношлогоо маш хялбар болж байна. Хамгийн эхлээд тамхи татдаг, холестерин их хэрэглэдэг, хөдөлгөөн дутмаг, таргалалттай гэх мэт хүмүүс хамгийн эхлээд зүрх судасны эмчид өөрийгөө хянуулах хэрэгтэй. Хүн өөрийгөө мэддэг шүү дээ. Гар хөл хөрж байна уу, чих шуугиж байна уу гэх мэтээр өөрийнхөө эрүүл мэндэд юу өөрчлөгдөж, хэдий хэр давтамжтай, ямар үед тохиолдож байгааг өөрөө мэддэг. Үүнийгээ нарийн мэргэжлийн эмчид хандаж хянуулах хэрэгтэй. Энэ удаагийн өвчтөн маань гэхэд орон нутагтаа эхо-д харуулаад, судасны өөрчлөлт байна гэдгийг мэдээд, манай эмнэлэгт ирж комюьтерт хянуулаад, хагалгаанд орсон.
-Манайхан өвчин туслаа гэхээрээ ихэвчлэн гадаад улс орныг зорьж, өндөр үнээр эмчлүүлдэг. Гадаадад хийлгэсэн хагалгааг манай эмч нар эх орондоо үнэгүй шахам хийдэг жишээ олон бий. Танай эмнэлэгт ямар ямар хагалгааг хэдэн төгрөгийн өртгөөр хийж байгаа тухай хэлж өгөхгүй юү?
-Энэ их зөв асуулт байна. Манайхан сонин телевизээр ярихдаа цагдаагийн албан хаагч тэдэн хүний амь нас аварлаа гэдэг мэдээлэл их гаргадаг. Гэтэл эмч нар цаг минут тутамд онцгой нөхцөлд ажиллаж, хүний амь насыг байнга авран хамгаалж байдаг. Энэ тухай мэдээ мэдээлэл гадуур маш дутмаг байдаг. Тэр байтугай Монгол Улсад монгол эмч нар ийм ийм хагалгаа хийж байна гэдэг мэдээлэл ч маш дутагдалтай. Тийм учраас иргэд ямар эмчилгээ, үйлчилгээг хаана, хэрхэн үзүүлж байгаа тухай, мөн даатгалын сангаас өндөр өртөгтэй хагалгааг хөнгөлж байгаа талаар мэдлэг багатай байх шиг байна. Манай тасгийн хувьд нэг жилдээ 300-400 гаруй удаа зүрхний хурц шигдээстэй өвчтөнд хагалгаа хийж байна. Судасны яаралтай хагалгааг мөн тооны хийж байна. Өндөр өртөгтэй 10 орчим төрлийн хагалгаа хийж байна. Энэ хагалгааны төлбөрийн 75 хувийг төрөөс дааж байна. Энэ удаагийн хагалгаа гэхэд 75 сая төгрөгийн өртөгтэй байхад эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж өвчтөн 25 сая төгрөгийн төлбөрөөр энэ хагалгаанд орлоо.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Манайхан аюулд орсон, өвчилсөн хойноо эмчид хандах биш, аль болох урьдчилан сэргийлж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Графикийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь чухал. 50 гарсан хүн 20 настай хүнээс илүү өөртөө анхаарах шаардлагатай. Жилдээ нэг удаа бүрэн шинжилгээ хийлгэж, юу болохгүй байна гэдгээ үзүүлж байх хэрэгтэй. Ингэж үзүүлээ явбал ямарваа өвчнийг бага дээр нь эмчилнэ.
-С.ЛХАМЖАВ: ТАНД ХАГАЛГАА ХИЙЖ, АМЬ НАСЫГ ТАНЬ АВРАХ
БОЛОМЖТОЙ ГЭЖ ХЭЛСЭН-
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул иргэн, 73 настай С.Лхамжав Гуравдугаар төв эмнэлэгт хэвлийн хөндийн гол судасны хаалттай хагалгаанд оржээ. Тэрбээр Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуульд 27 жил биологийн хичээлийн багшаар ажиллаж, тэтгэвэртээ сууснаас хойш мал маллан амьдарч иржээ.
Ярилцлагын дараа бид эмчийн хамт өвчтөний мэндийг мэдэхээр хагалгааны дараахь тасагт очихоор боллоо. Эмнэлгийн коридороор алхах зуурт өвчтөн өндөр настай, мөн хагалгаанд ороод гурав ч хоноогүй байгаа учир хэвтэрт байгаа байх гэх бодол төрж байв. Гэтэл эмч түүний хэвтэж буй өрөө рүү ормогцоо С.Лхамжав гуайг дагуулан гарч ирэхийг хараад эмч нараар бахархах сэтгэл эрхгүй төрж байлаа.
Иргэн С.Лхамжав алтан гартай эмч нартаа баярлаж явна гэсээр бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр “Эмээ нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоноос ирсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд аймаг дээрээ шинжилгээ хийлгээд, эхо-д харуултал “Судас өргөссөн байна, та хот руу яв” гэж зөвлөсөн. Би ч ийм хүнд зүйл гэж мэдээгүй явсан. Хорин хэдтэй залуу байх үед хааяа гар мэдээгүй болох, чих шуугидаг байсан юм. Мөн зүрх жаахан өвдөх тохиолдол байдаг. Тэгээд зүрхний рашаан уугаад, их сайхан болсон. Түүнээс хойш зүв зүгээр сайхан явж байлаа.
2004 онд хавдар судлалд эхо-д үзүүлэх үед судас өргөссөн байна, даралтаа ихэсгэв зээ гэж эмч хэлсэн ч нэг их тоогоогүй. Тэгтэл энэ жил аймгийн эмнэлэгт хэвтээд шууд наашаа ирсэн. Ирэнгүүтээ судасны Лхагвасүрэн эмчид үзүүлээд, шинжилгээ өгч зураг авахуултал. эмч нар маань сандралдаад эхэлсэн. Танд хагалгаа хийж болно, амь нас аврах боломжтой юм байна гээд хагалгаандаа бэлдэж эхэллээ. Гэтэл энэ хагалгааг хийхэд зөвхөн надад тааруулж гадаадаас хиймэл судас авч ирүүлдэг юм байна. Ингээд байж байтал "Чоногол" гээд компанийн нэр дуулдаад очоод уулзтал, тендер авсан компани нь юм байна. Мэс засалд юу л хэрэгтэй, түүнийг гадаадаас захиж авч ирэхээр болсон. Ингээд хагалгааны нийт төлбөр мөнгө нь 75 сая төгрөг болсон. Харин улс гэдэг их буянтай сайхан юм аа. Төлбөрийг нь эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөөд 25 сая төгрөг болгож хямдруулдаг юм байна. Ингээд хагалгаандаа ороод гарсан.
Манай эмч, эмнэлгийн ажилтнууд ямар сайхан чавдартай байдаг юм бэ. Хүний төлөө ямар сайхан үйл хийдэг юм бэ гээд баярлаж сууна. Энэ дашрамд, Гуравдугаар эмнэлгийн Зүрх судасны тасгийн хамт олон, хагалгаа хийсэн Лхагвасүрэн, Мөнгөн-Өлзий тэргүүтэй эмч нартаа, БНХАУ--аас эмч урьж авч ирсэн "Чоногол" компанийн захирал Ө.Байгалмаа болон тус дэм болсон шавь нартаа бүгдэд нь маш их талархаж, баярлаж байгаагаа хэлмээр байна” гэлээ.
Б.ГАНТУЯА
Мэдээний эх сурвалж: http://medee.mn/main.php?eid=93731