Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийнхний хувьд өнөөдөр онцгой баярт сайхан өдөр болж байгааг тус төвийн захирал Б.Батсүх онцоллоо. Учир нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон 2017 онд Орхон аймагтай хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг бэлэглэсэн юм.
Тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр, Эдийн засаг хариуцсан орлогч Ж.Эрдэнэбилэг нарын албаны хүмүүс оролцож, хоёр талын хамтын ажиллагаа нь Орхончуудын эрүүл мэнд, боловсрол гээд хүний хөгжлийн олон асуудлыг шийдвэрлэхэд эерэг үр дүн өгч буйг энэ үеэр тэмдэглэв.
Энэ онд Эрдэнэт үйлдвэрийнхэн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хоёр дахь удаагийн бэлгээ илгээж буй бөгөөд эхнийх нь нярайн тасагт чухал шаардлагатай дуслын шахуурга аппарат байсан. Харин энэ удаагийн тусламж нь 100 сая төгрөгийн өртөг бүхий хэт авиан бүх төрлийн дүрс оношилгооны эхо аппарат, өвчтөний монитор, амьсгалын аппарат, гурван үйлдэлт өнгөт хэвлэгч зэрэг тоног төхөөрөмжүүд байв.
Эдгээр тоног төхөөрөмжийг “Чоно гол” ХХК тендерт шалгарснаар нийлүүлсэн аж. Тус компани нь эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүлэгч таван компанийн нэгд тооцогддог туршлагатай байгууллага юм. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өгч буй тоног төхөөрөмжүүд нь 2017 оны шинэ загварууд бөгөөд таван жил тасралтгүй ашиглах боломжтой гэж тус компанийн ахлах инженер Л.Бат-Энэрэл онцлов.
Мэдээллийн эх сурвалж:
http://www.erdenettoday.mn/index.php/production/2016-03-16-02-12-30/item/1668-1